Ротарийн тухай

ОЛОН УЛСЫН РОТАРИ

Ротари нь даян дэлхийд сайн санаа, энх амгаланг бий болгохын төлөө бизнесийн болон мэргэжлийн шилдгүүдийг эгнээндээ нэгтгэсэн, ёс суртахууны өндөр хэм хэмжээнд өөрсдийн хүмүүнлэгийн үйлчилгээгээ дэлхийн өнцөг булан бүрт хүргэдэг, шашин, улс төрөөс ангид, ашгийн бус, олон улсын төрийн бус байгууллага юм.


Ротари анх 1905 оны 2 сарын 23 ны өдөр АНУ-ын Иллинойс мужийн Чикаго хотод Пол Харрис болон түүний 3 найзын санаачлагаар байгуулагджээ. Санаачлагчид нь тус байгууллагыг хамтын нөхөрлөлийн бэлэг тэмдэг болгож чадсан төдийгүй, мэргэжлийн үйлчилгээгээ оршин буй жижиг хот тосгоны ард иргэдэд үзүүлж эхэлсэн байна. Үүгээррээ ОУ-ын Ротари нь үйлчилгээгээ иргэний нийгэмд хүргэдэг дэлхийн анхны байгууллага болж чадсан юм.

Олон Улсын Ротари нь дэлхийн 160 гаруй оронд 45 мянга гаруй клуб, 1,4 сая гишүүдтэйгээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.

Ротаричууд жил бүр 47 сая сайн дурын цаг зарцуулж өөрчлөлтийг бий болгож байна.(www.rotary.org)

2023-2024 оны Ротарийн жилд Ротари Сангаас төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд 302.5 сая ам.долларын дэмжлэг үзүүлээд байна. (www.rotary.org)


Ротарийн бэлэг тэмдэг нь эргэлдэж буй хүрдний дүрс юм. Энэ утгаараа Ротарийн зарчимд гишүүд, клубийн болон бусад холбогдох албан тушаалыг жил бүр ээлжлэн хашдаг ба Ротаричуудын Их хурал ч мөн адил жил бүр өөр өөр оронд зохион байгуулагдаж ирсэн билээ.

РОТАРИЙН ХҮРДИЙН ЦАГ ХУГАЦААНЫ ХУВЬСАЛ


1921 он гэхэд Ротарийн нэр АНУ-ын Сан Франциско мужаас Нью Йорк цаашлаад дэлхийн 6 тивд түгэн дэлгэрч, 1922 онд Олон Улсын Ротари (ОУ-ын Ротари) гэсэн албан ёсны нэр авчээ. ОУ-ын Ротарийн  үйлчилгээний үндсэн зарчим нь "Өөрөөсөө давж бусдад үйлчилье" гэсэн уриа бөгөөд өөрийн "Ес зүйн 4 зарчим"-ыг ямагт мөрдөж ирсэн:

ЁС ЗҮЙН 4 ЗАРЧИМ

Бидний БОДОЖ байгаа, ХЭЛЖ байгаа, ХИЙЖ байгаа бүхэн:

  1. Чин ҮНЭНд нийцэж чадаж байна уу?
  2. Хүн бүрт тэгш ШАДАРГА байж чадаж байна уу?
  3. САЙХАН СЭТГЭЛ, ДОТНО НӨХӨРЛӨЛ бий болгож байна уу?
  4. Бусдад ҮР АШИГТАЙ байж чадаж байна уу?

гэх асуултад хариулж бид бүх ажиллаагаагаа явуулдаг.


ОУ-ын Ротари нь өөрийнхөө үйлчилгээг дэлхийн өнцөг бүрд шаардлагатай байгаа хэрэгцээнд тулгуурлаж ирсэн бөгөөд дэлхийн II дайны дараа ОУ-ын Ротари хөдөлгөөн өөрийн үйл ажиллагааныхаа чиглэлийг дэлхийн ард түмний ойлголцолд чиглүүлж ирсэн.

1942 онд Лондонд чуулсан ОУын Ротарийн Их хурал ЮНЕСКО-ийн төрөн гарах эх үндсийг тавьж, одоо ч НҮБ-ын зөвлөхөөр олон Ротаричууд ажиллаж байна. Ротаричууд дэлхийд сайн сайхан үйлсийг дэмжих зорилгоор 1917 онд анхны өөрийн хандивын санг байгуулсан нь одоогийн ашгийн төлөө бус “Ротари сан” болтлоо өргөжин тэлсэн.

1947 онд анхны санаачлагч Пол Харрис таалал төгсөх уед “Ротари сан”-д цугларсан хандив 2 сая ам.долларын хэмжээнд хүрч, түүний дурсгалыг хүндэтгэн залуучуудын сурч боловсрох үйлсэд зориулж, анхны "Элч тэтгэлэг" хөтөлбөрийг дэлхийн хэмжээнд бий болгосон.

Ротаричууд дэлхий дахинаа саа өвчнийг устгах санаачлага гаргаж, "Саа өвчнөөс ангид дэлхий ертөнц" -ийг бий болгохын төлөө зарцуулсан нийт хөрөнгийн хэмжээ 2024 оны байдлаар 2.1 тэрбум ам.долларт хүрээд байна.

Ротари Сангийн санхүүжилтийг дэлхийн хэмжээнд хүмүүнлэгийн болон боловсролын тэтгэлэгт хөтөлбөрүүдийг дэмжихэд зориулж байна.

Ротаричуудын нэг онцлог бол тэд 7 хоногийн тогтмол нэг өдөр уулзалтаа зохион байгуулж, бусдын төлөө цаг, хүч, хөрөнгө, санхүүгээ зарцуулж ажилладаг явдал юм. Ковид-19 цар тахлын дараа Клубүүд зарим нэг уулзалтаа онлайн хэлбэрээр хийх нь нээлттэй болсон юм.


РОТАРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛҮҮД

Ротарийн үйл ажиллагааны чиглэлүүд

Энх тайвныг бэхжүүлэх, зөрчлөөс сэргийлэх

Дэлхий дээрх өөр хоорондоо ялгаатай олон соёл, үндэстэн, ястан бүрийн дахин давтагдашгүй байдлыг Ротари ихэд хүндэтгэн үздэг билээ. Тиймээс бид насанд хүрсэн болон залуу удирдагчдыг аливаа зөрчил маргаанаас сэргийлэх, маргааныг эвлэрүүлэн зуучлах, мөн зөрчилтэй бүс нутгаас дайжин дүрвэсэн хүмүүст тусламж үзүүлэхэд бэлтгэн сургадаг юм.

Өвчлөлөөс сэргийлэх, эмчлэх

Бид халдварт саа өвчний тархалтыг 99.9% бууруулж чадсан.  Хүн амыг өвчлөлөөс сэргийлэх, эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгохын тулд бид хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийн байгууллагуудыг чадавхжуулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах чиглэлээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг

Ус, ариун цэвэр, эрүүл ахуй

Бид зөвхөн худаг барьж өгөхөөр үйл ажиллагаагаа хязгаарладаггүй. Хүн амыг ундны цэвэр усны тогтвортой эх үүсвэрээр хангах,  сургууль, цэцэрлэг, эмнэлгийн эрүүл ахуй, ариун цэврийн нөхцлийг сайжруулахад чиглэсэн олон ажлыг санаачлан хэрэгжүүлдэг.

Эх, хүүхдийн эрүүл мэнд

Ээжүүд болон хүүхдүүдэд чиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг илүү хүртээмжтэй, чанартай болгож, эх, нярайн эндэгдлийг бууруулах, эх үр хамтдаа эрүүл, аюулгүй амьдрах боломжийг бүрдүүлж, тэдний боловсрол, эдийн засаг, эрүүл ахуйд анхаарах нь бидний төсөл хөтөлбөрийн нэг гол чиглэл юм

Суурь боловсрол

Нийгмийн эмзэг бүлгүүдийн чадавхийг сайжруулан бэхжүүлэх зорилгоор суурь боловсролыг  дэмжиж, боловсрол эзэмшихэд тулгарч буй жендерийн тэгш бус байдлыг бууруулах, хүүхдүүдийг амьдрах, бие даах чадвар эзэмшүүлэх, багш нарын чадавхийг сайжруулах, сургалтын нөөц хэрэгслээр хангахад анхаардаг.

Орон нутгийн эдийн засгийн хөгжил

Бид орон нутгийн иргэд, бизнес эрхлэгчид, залуус, ахмад настнууд, эмэгтэйчүүдийг хөдөлмөр эрхэлж, орлогоо нэмэгдүүлэх боломжоор хангах, тэдний бүтээлч сэтгэлгээг урамшуулан дэмжих, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломжоор хангах, нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст нийгэм, санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн төслүүд хэрэгжүүлдэг билээ

Байгаль орчин

Бид байгалийн нөөц баялгийг хамгаалах, экологийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Бид цаг уурын өөрчлөлт болон байгаль орчны доройтолд хүргэж буй шалтгааныг арилгах, үр нөлөөг багасгах чиглэлээх орон нутгийн иргэдийн санаачлагыг дэмжихэд чиглэсэн төслийн санхүүжилт олгох, бусад нөөц бололцоог дайчлах зэргээр ажилладаг.