ЭРХЭМ ХҮНДЭТ РОТАРИЙН ГИШҮҮДЭЭ,
Монголын бүх Ротаричууд, Ротарактууд, Интерактууддаа энэ өдрийн мэндийг хүргэе.
Ротари Интернэшнл байгууллагын 3450 дугаар дүүргийн захирагчаар ажиллах нь миний хувьд нэр төрийн хэрэг билээ. Өнгөрсөн жилүүдэд манай дүүргийн хороодын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, дүүргийнхээ хөгжилд хувь нэмэр оруулан, бодитой эерэг үр дүн бий болгосон Дүүргийн захирагч асан эрхэмүүд болон тэдний чадварлаг багийнханд талархал илэрхийлье.
Одоо бид хүрсэн амжилтаа улам бататгаж, түүнийгээ өөрсдөдөө, клубүүддээ болон орон нутгийнхаа иргэдэд урт хугацаанд үр өгөөжөө өгөх бодит өөрчлөлт болгон хөгжүүлэх учиртай.
2026–2027 оны Ротари Интернэшнл байгууллагын Ерөнхийлөгч Олайинка Хаким Бабалолагийн дэвшүүлсэн “Мөнхөд үлдэх нөлөөг бүтээцгээе” уриа нь бидэнд зөвхөн үйл ажиллагаа явуулах бус, хийж буй ажил маань цаг хугацааны шалгуурыг даван, тогтвортой үр өгөөжөө өгөхөд анхаарахыг уриалж байна.
Өөрчлөлт бол эхлэл. Харин үр нөлөө нь үлдэж хоцрох үнэ цэнэ юм.
1. Гишүүдийн бахархал, нөхөрлөлөөр дамжуулан гишүүнчлэлийг нэмэгдүүлэх нь
Ротари Интернэшнл байгууллага 2030 он гэхэд 1.25 сая Ротарийн гишүүд, 125,000 Ротаракт гишүүнтэй болох зорилт дэвшүүлсэн. Гэвч гишүүнчлэлийн өсөлт гэдэг нь зөвхөн шинэ гишүүн элсүүлэх асуудал биш юм. Манай дүүргийн хувьд шинэ гишүүн элсүүлэхийн зэрэгцээ одоо байгаа гишүүдээ хадгалахыг чухалчилж үзнэ.
Тиймээс 2026–2027 оны бидний зорилго тодорхой: гишүүн бүрд анхаарал халамж тавих бодит хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, эв нэгдлийг бэхжүүлэн, Ротаригийн үйл хэрэгт оролцох бахархал, мэдрэмжийг нэмэгдүүлэх юм.
Энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд Дүүргийн гишүүнчлэлийн хороо гишүүнчлэлийг хөгжүүлэх одоогийн төлөвлөгөөгөө үргэлжлүүлэхийн зэрэгцээ Ротарийн гишүүн байх бахархлыг сэргээхэд онцгой анхаарна. Мөн гишүүд клубээ орхиж буй шалтгааныг судалж, дүн шинжилгээ хийх Гишүүнчлэлийг хадгалах судалгааны баг байгуулна. Энэхүү судалгаанд тулгуурласан бодит мэдээлэл нь клуб бүрд гишүүдийнхээ туршлага, сэтгэл ханамжийг сайжруулахад чиглэсэн оновчтой арга хэмжээ тусална.
2. Зөвхөн шинэ гишүүн элсүүлэх бус, шинэ клубүүдийг байгуулъя
Бид гишүүнчлэлийн өсөлтийг бүтцийн түвшинд ч авч үзэх хэрэгтэй. Өсөлт гэдэг нь зөвхөн одоо байгаа өрөөг дүүргэх бус, шинэ өрөөнүүдийг бий болгохтой адил юм. Шинэ клубүүд байгуулах нь гишүүнчлэлийн шинэ боломжийг нээж, шинэ гишүүдийг Ротарид татан оролцуулах боломж олгоно.
Иймээс бүх клубийг дагуул клуб, паспорт клуб, венчур клуб болон уян хатан уулзалтын загвар зэрэг өөр өөр хэлбэрийг судлан хэрэгжүүлэхийг уриалж байна. Эдгээр клуб нь бүгд Ротаригийн үнэт зүйлсийг эрхэмлэхийн зэрэгцээ орчин үеийн амьдралын хэв маягт нийцсэн, өөрийн онцлогт тохирсон үйл ажиллагаа явуулах боломжийг олгоно.
Гишүүнчлэлийн өсөлтийг урамшуулах зорилгоор 2026 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн гишүүдийн тоонд цэвэр өсөлт гаргасан клубт нэмэгдсэн гишүүн бүрд 1,000 хонконг долларыг дүүргээс олгоно. Энэхүү санхүүжилтийг тухайн клубийн орон нутагт чиглэсэн хүмүүнлэгийн төслүүдийг дэмжихэд ашиглана.
Гишүүнчлэлийн өсөлтөө нийгэмд үзүүлэх сайн үйлсийн үр нөлөөг улам нэмэгдүүлэх хүч болгон ашиглацгаая.
3. Нөхөрлөл, сайн сайхан байдал, эв нэгдэл
Ротари нөхөрлөлийг мэдэрч, таашаал авдаг гишүүн клубтээ үлддэг. Харин өөрийг нь сонсдог, дэмждэг бол илүү урт хугацаанд хүмүүнлэгийн үйлст идэвхтэй оролцдог.
Энэ жил бид дүүргийн хэмжээнд аз жаргал, сэтгэл ханамж, бахархлыг бэхжүүлэх зорилгоор соёл урлаг, амралт чөлөөт цаг, спортын олон төрлийн арга хэмжээ зохион байгуулна. Үүнд Ротарийн дууны уралдаан, спортын тэмцээн, концерт зэрэг үйл ажиллагаа багтана.
4. Олон талт байдлыг хүлээн зөвшөөрч, ирээдүйн удирдагчдыг бэлтгэе
Бид чөлөөт сэтгэлгээтэй хамгийн шилдэг хүмүүсийг, хамгийн шинэлэг санаануудын хамт хүлээн авах болно.
Мөн ротаракторуудыг зөвхөн үйл ажиллагаанд оролцуулах зорилтот бүлэг гэж бус, эрх тэгш түншүүд хэмээн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэднийг зөвхөн арга хэмжээнд оролцуулахаас гадна хороодын ажил болон төслийн төлөвлөлтөд идэвхтэй оролцуулахыг уриалж байна.
Өнөөдөр бид нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулах үрийг тарьж байна. Харин маргааш тэд бидний ирээдүйн удирдагчид болно.
5. Өөрчлөлтөөс урт хугацааны үр нөлөө рүү
Эрхэм Ротаричуудаа,
Бид өөрсдийгөө өөрчилбөл клубээ өөрчилнө. Клубээ өөрчилбөл орон нутгийнхаа иргэд, хамт олны амьдралд өөрчлөлт авчирна. Харин орон нутгийнхаа хамт олныг өөрчилж чадвал дэлхий даяар урт хугацааны үр нөлөөг бүтээнэ.
Иймээс 3450 дугаар дүүргийнхээ чадавхыг бэхжүүлье. Чанартай шинэ гишүүдийг халуун дотноор хүлээн авцгаая. Ротарийн гишүүн гэдгээрээ бахархаж, шинэ клубүүд байгуулж, бие биедээ анхаарал халамж тавин, хамтдаа дүүрэгтээ, орон нутагтаа болон дэлхий дахинд урт хугацааны үр нөлөөг бүтээцгээе.
Хүндэтгэсэн,
CP Жимми Лау (Jimmy Lau)
ОЛОН УЛСЫН РОТАРИЙН 3450-Р ДҮҮРГИЙН 2026–2027 ОНЫ ЗАХИРАГЧ