УЛААНБААТАР РОТАРАКТ КЛУБ НЬ 1999 ОНД УЛААНБААТАР РОТАРИ КЛУБИЙН САНААЧЛАГЧААР ҮҮСГЭН БАЙГУУЛАГДАЖ, 2000 ОНЫ 02 САРЫН 28-НД АЛБАН ЁСООР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛСЭН БАЙДАГ.
Үүсгэн байгуулагдсанаасаа хойш нийгэмд чиглэсэн олон чиглэлийн төсөл хөтөлбөр санаачилж, тухай төслүүдэд шаардлагатай хөрөнгийг босгон амжилттай хэрэгжүүлсээр 25 жилийг ардаа үдээд байгаа ба 13 Ротаракт клубийг түүчээлэн үлгэр жишээ болсоор ирсэн Монголын ууган Ротаракт клуб юм. Анх клубийн хурал нь англи хэлээр явагддаг байсан ч бусдад туслах үндсэн зорилгод нийцүүлэн олон хүмүүсийг хамруулан идэвхжүүлэхийн тулд төрөлх хэл болох Монгол хэлээр хурлын үйл ажиллагаагаа явуулдаг болсноор өдгөө 170 гаруй албан ёсны гишүүдтэй болсон байна.
Хэрэгжүүлсэн төслийн хувьд 7 үндсэн чиглэлийн хүрээнд тогтмол хэрэгжүүлдэг 70-аад төсөл, тухайлбал “Eye See”, “Lead Me”, “Take action” төслүүд, мөн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан хэрэгжүүлдэг “Children's garden”, “Эргэлтээр итгэл” зэрэг төслүүдийг санаачлан хэрэгжүүлж байна.
189 орны 9000 Ротаракт клубийн 120,000 Ротаракт гишүүд Олон Улсад байдгаас Монгол улсад 14 Ротаракт клубүүд үүсэн байгуулагдаж сайн дурын үйл ажиллагаа хийж байна.
Хобби Ротаракт Клубийг CP Б. Төмөр-Очир 2020.04.04-ний өдөр 12 гишүүний хамтаар үүсгэн байгуулсан бөгөөд 2021.06.25-нд албан ёсоор Олон Улсын Ротари 3450 дүүргээс батламжаа хүлээн авч, албан ёсоор Монгол Улсын Ротари хөдөлгөөний 10-р бүст харъяалагдаж, үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай Клубийн “Хэрэв би мэдсэн бол” нэрийн төслийн хүрээнд Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын 14-19 насны 22 өсвөр насны хүүхэд залуучуудыг сонгон авч, 2023 оны намар төслөө хэрэгжүүлсэн.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр Булган аймгийн Эрдмийн өргөө цогцолбор, Баяннуур, Дашинчилэн, Тэшиг, Хангал сумдын ЕБС-ийн 5-12-р ангийн нийт 250 гаруй сурагчдад Хүнсний аюулгүй байдал буюу зөв хоололтын талаар сургалтыг явуулсан.
Манай “Цаст Ротаракт” Клуб нь 2017 онд Олон Улсын Ротари байгууллагаас албан ёсны гэрчилгээгээ авч, 2024 оны байдлаар 30 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Санхүү Ротаракт Клуб нь 2016 онд Их сургуульд түшиглэн байгуулагдсан Клуб бөгөөд анх 15 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байв.
Их Тэнгэр Ротаракт Клуб нь 2016.08.26-нд байгуулагдсан. 2015 онд Номт Ротари Клубийн охин Клуб болж үүсгэн байгуулагдсан.
Өргөө Ротаракт Клуб нь 2013.05.03-нд байгуулагдсан. 2025 оны байдлаар идэвхтэй 12 гишүүнтэй.
"Цэцээ Гүн" Ротаракт Клуб нь Монгол Улсын Их Сургуулийг түшиглэсэн МУИС Ротаракт клубийн төгсөгчид анх нэгдэж 2013 онд Улаанбаатар Ротари Клубийн охин Клуб болж үүсгэн байгуулагдсан.
2012 онд 30 гаруй гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж байсан бөгөөд хүүхдийн эрүүл мэнд, боловсролыг дэмжих, хүүхдийн хүчирхийлэл ба түүний үр нөлөөг таниулах, хүүхдийн хүчирхийллийг бууруулах зорилготой нөлөөллийн төслүүдийг хэрэгжүүлж өөрсдийн хувь нэмрээ оруулсаар өдгөө хүрсэн байна.
2010 онд Сэлбэ Ротаракт Клуб үүсгэн байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа эхлэн Өвчнөөс сэргийлэх, эмчлэх, Боловсролыг дэмжих, Байгаль орчныг хамгаалах чиглэлээр хүмүүнлэгийн олон төсөл хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч, зарим төсөл өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Нийт 23 идэвхитэй гишүүдтэй.
Туул Ротаракт Kлуб нь 2005 онд Туул Ротари Клубийн дэмжлэгтэйгээр үүсгэн байгуулагдсан.
Маргаашийн манлайлал төсөлд 600 гаруй залуучууд, 10 орчим хамтрагч байгууллага оролцсон том ашгийн бус эвент төсөл болсон.
Хүрээ Ротаракт Клуб нь 2005 оны 3 сарын 15-нд Монголын 2 дахь Ротаракт Клуб болон үүсгэн байгуулагдсан. Клуб нь нийгэм, залуучууд, өвчнөөс сэргийлэх, боловсролыг дэмжих чиглэлээр төсөл хэрэгжүүлж байна.
Улаанбаатар Ротаракт Клуб нь 1999 онд Улаанбаатар Ротари Клубийн санаачилгаар үүсэн байгуулагдсан. 2000 оны хоёрдугаар сарын 28-нд албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
“Ногоон өдөр” төслийн үйл ажиллагаа, 2024-2025 оны хувьд Дүүргийн Төлөвлөгөөнд "Байгаль орчны хамгаалал"-хэсэг нь төслийн нэг хэсэг байсан. RAC Монгол нь гишүүдийн дунд байгальд ээлтэй дадлыг төлөвшүүлэх, Ротари нийгэмлэгийн хүрээнд байгаль орчны асуудлуудын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор олон төрлийн байгаль орчны үйл ажиллагаа зохион байгуулахаар зорьсон төсөл байсан.
“Mongolian Book Library” 3000 сурагчдад $32,800 ийн хөрөнгө зарцуулан 10 жилийн сурагч нарын таатай сурч боловсрох нөхцлийг сайжруулахаар сургуулийн номын сангийн өрөө тохижуулан номын хандив цуглуулж өгсөн.
“Little Heroes” төслийг Монголын бүх Ротаракт болон Интерактууд хамтран жил бүр хэрэгжүүлдэг хамгийн том хамтарсан төсөл юм. Уг төсөл нь шинэ жил болон баяраар эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдэд урам зориг өгөх, өвлийн өвгөн, цасан охид болж очин бэлэг тараан баяр нэмдэг үйл ажиллагаа бөгөөд Ротарактууд болон Интерактууд маань өөрсдөө эмнэлгээр явж бэлгээ тараадаг нь маш онцлогтой. 2023 онд 347 хүүхдэд 33,000,0000 төгрөгийн хандив, 2024 онд 950 хүүхдэд 40,000,0000 төгрөгийн хандив босгон жил бүр хүртээмж болон хамрах хүрээг нэмэгдүүлсээр байна.
“ХАЛУУН СЭТГЭЛ” аян
Өвлийн хүйтэн, зуны халууныг үл ажран ажил үүргээ гүйцэтгэдэг Замын цагдаа, ТҮК-ийн ажилчдад бид бүгд талархаж, идэр есийн хүйтэнд бяцхан ч гэсэн сэтгэлийн дэм болгон халуун аарц, чацарганаар дайлдаг. Нийт төслийн хугацаанд 100+ хүнд сэтгэлийн дэм хайрласан
Lead Me төсөл
Ахлах ангийн сурагчдыг амьдралын зөв замд хөтлөх, хүсэл мөрөөдөлд нь гал асаах, танин мэдүүлэх, амьдрал боломжуудаар дүүрэн гэдгийг ойлгуулах "Lead me" төслийг хэрэгжүүлсэн. Энэ чиглэл, сэдвүүдээр асрамжийн газар болон хотын алслагдсан дүүргүүдийн ахлах ангийн Сурагчдад амжилттай яваа ах, эгч нараар ментор хийлгэж, төлөвшилт, зорилго, хүсэл, мөрөөдөл бий болгох сургалт орсон.
Цэцэрлэгийн төсөл
2018 онд цэцэрлэгт яваагүй, гэртээ хүмүүжиж буй хүүхдүүдэд боловсрол олгох зорилгоор СХД-ийн 22-р хорооны орлого багатай гэр бүл, өнчин ба хагас өнчин хүүхэд болон эцэг эх нь хөдөлмөрийн чадвар алдсан гэр бүлүүдээс 18 хүүхдийг сонгон авч “Бэмби” цэцэрлэгт хамруулсан. Уг төслийн 10 мянган долларын төсвийг Бүгд Найрамдах Солонгос Улсын Чонжү Ротари клубээс санхүүжүүлсэн.
Оюунлаг Ирээдүй номын сангийн төсөл
2013 оны 11 сарын 25-ны өдрөөс эхлэн одоог хүртэл шат дараалласан хөтөлбөртэйгээр номын сангуудыг байгуулж эхэлсэн. Анхны номын санг Сонгинохайрхан дүүргийн 31-р хороонд Хүрээ Ротари тусламжтайгаар тохижуулсан.
“Нөхөн үржихүйн эрүүл мэнд”-ийн боловсролыг түгээх төсөл
2017 онд Коулүн Тун Ротари Клубийн 2 сая 560 мянган төгрөгийн санхүүжилтээр ЕБС-ийн сурагчдыг хүний эрх, нөхөн үржихүйн өртөөлчилсөн сургалтыг Гүнж төвтэй 40, 46, 105, 113-р сургууль дээр зохион байгуулсан.
“Эрүүл Ротаракчууд” цус бэлэглэх аян
Олон нийтэд нэг удаа цусаа өгөх нь 3 хүний амийг аврах боломжтойг сурталчилж, 2015 оны арваннэгдүгээр сарын 14-нөөс эхлэн жил бүр Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран цусаа хандивлах өдрийг зохион байгуулсаар иржээ.
Түүнчлэн цусаа хандивлах аян нь цар хүрээгээ тэлж бусад Ротари, Ротарактын гишүүдийн идэвхтэй оролцдог төсөл болжээ.
"Хүн бүр сурах эрхтэй" төсөл нь 2013 оноос хойш хэрэгжүүлж буй ууган төсөл ба тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутнуудыг голч дүн, тусгай хэрэгцээ, нийгмийн байдлаас үл хамааран шалгаруулдаг нь оюутан залууст том боломж олгодог. Тус тэтгэлгийн маань ерөнхий спонсороор "Монгол Улсын Морин Хуурын Чуулга"-ын хамт олон маань 2016-2018 онд хамтран ажиллаж, 2 өдрийн тоглолтынхоо орлогоор тус жилийн тэтгэлэгт хөтөлбөрийн үндсэн санхүүжилт бүрдүүлж байсан ба 2019 оноос Менторшип хөтөлбөрөөр төслийн хэлбэрээ баяжуулан нийтдээ 50 оюутанд 100 гаруй сая төгрөгийн тэтгэлэг, 80 залуусыг зөвлөн чиглүүлж, боловсролд нь хөрөнгө оруулсан байна.
“LABDOO” төсөл нь боловсролын тэгш бус байдлыг технологийн тусламжтайгаар бууруулах зорилгоор зөөврийн компьютер, таблет болон бусад төхөөрөмжүүдийг хэрэгцээт газар нь хүргэж өгдөг дэлхийн хүмүүнлэгийн сүлжээ юм. Манай клуб нь “LABDOO” төслийн Монгол дахь анхны төв буюу “Labdoo Hub Ulaanbaatar”-ыг 2018 онд албан ёсоор байгуулсан билээ. Бид таны хандивласан зөөврийн компьютерыг ариутгаж, форматлаж, хүүхдэд зориулсан боловсролын программ хангамж суулгаж, Монголынхоо компьютерын лабораторигүй эсвэл хүрэлцээ дутмаг алслагдсан сумдын сургуулиудад лаборатори болгон тохижуулж өгдөг билээ. Одоогоор Сэлэнгэ, Дархан, Дундговь, Булган зэрэг аймгуудын сумын сургуульд амжилттай хэрэгжиж нийтдээ 80 гаруй компьютер, тоног төхөөрөмж хандивлаад байна.
“Эрүүл ирээдүй” 2024 онд Эмчийн үзлэг оношилгоонд хангалттай хамрагдаж чадахгүй байгаа зорилтот бүлгийн бага насны хүүхдүүдэд чиглэсэн эмчийн үзлэг, эрүүл мэндийн боловсрол мэдээллээр хангах, дархлаа дэмжих, витаминжуулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар дүү нартаа таниулах зорилготойгоор хэрэгжиж эхэлсэн төсөл юм. Одоогоор “Өнөр бүл” хүүхдийн төвийн 6-12 насны 150 хүүхдийг хамруулж 34 сая төгрөгийн эрүүл мэндийн хөрөнгө оруулалт оруулаад буй гэх мэт гайхалтай төслүүдийг хийдэг.