RC ULAANBAATAR

Улаанбаатар Ротари Клуб : Нийгмээ манлайлан, өөрөөсөө давж бусдад үйлчилсэн 30 жил

RC ULAANBAATAR

Улаанбаатар Ротари Клуб : Нийгмээ манлайлан, өөрөөсөө давж бусдад үйлчилсэн 30 жил

Үнийн санал авах

Дэлгэрэнгүй тайлбар

УЛААНБААТАР РОТАРИ КЛУБ

  • Байгуулагдсан огноо: 1995.05.13
  • Гишүүдийн тоо: 33
  • Ерөнхийлөгч: Залаа-Уулын Солонго /2024-2025/

ҮҮСГЭН БАЙГУУЛСАН КЛУБУУД

  • Ротари:
    Хүрээ Ротари Клуб, Номт Ротари Клуб, Өргөө Ротари Клуб, Нарлаг Улаанбаатар Ротари Клуб, Улаанбаатар Пийс Авенью Ротари Клуб, Эрдэнэт Ротари Клуб, Улаанбаатар Хангарьд Ротари Клуб, Тэнгэр Ротари Клуб, Хангай Ротари Клуб
  • Ротаракт: 
    Улаанбаатар Ротаракт Клуб, Цэцээ Гүн Ротаракт Клуб, МУИС Ротаракт, Найрамдал Ротаракт Клуб
  • Интеракит: 
    Хобби Интеракт Клуб, Монгол Билэг Оюу Интеракт Клуб, Улаанбаатар дахь Австралийн ухаалаг сургууль Интеракт Клуб, Сэлбэ Интеракт Клуб, Оргил Интеракт Клуб

Хэрэгжүүлсэн төслүүд:

Чиглэл

Төслийн тоо

Нийт төсөв USD

Өвчнөөс сэргийлэх, эмчлэх

50

5,000,000

Боловсролыг дэмжих 

30

630,000

Энхтайвныг бэхжүүлэх 

8

150,000

Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах

10

375,000

Ус, ариун цэвэр, эрүүл ахуй

20

530,000

Байгаль орчныг хамгаалах

5

350,000

Бүс нутгийн хөгжил 

20

260,000

Нийт

149*

6,590,350*

 
**Зарим төсөл нэгээс дээш чиглэл хамардаг тул давхардсан тоо бичигдсэн

*Давхардлыг арилган нийт дүн гаргав

Ротари Санд өгсөн хандивын нийт хэмжээ: 118,561 ам.доллар

Клубийн онцлог: Америк, Англи, Франц, Герман, Япон, Израйль, Голланд зэрэг улсын иргэд Клубын гишүүнчлэлтэй, Англи хэл дээр үйл ажиллагаа явуулдаг.

Клубийн хурал: 7 хоног бүрийн Лхагва гариг 13 цагт, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг 1р хороо, Централ Парк Тауэр 16 давхар CEO Settee VIP room

Холбоо барих

  • Имэйл: [email protected]
  • Facebook: Rotary Club of Ulaanbaatar
  • Утас : +976-88108199

Улаанбаатар Ротари Клуб: Нийгмээ манлайлан, өөрөөсөө давж бусдад үйлчилсэн 30 жил

Нийгмийн сайн сайхны төлөө манлайлал: Улаанбаатар Ротари  Клубийн 30 жилийн ой

Монголын анхны Ротари  Клубийн хувьд бид зөвхөн Монгол дахь Ротари хөдөлгөөний хувьд төдийгүй Монголын нийгэмд томоохон өөрчлөлт авчирч чадсандаа бахархаж явдаг. Улаанбаатар Ротари Клубийн гишүүд бид 30 жилийн турш нийгэмд үйлчлэх гол зорилгод хөтлөгдөн нэгдсэн. 1995 онд үүсгэн байгуулагдаж, мөн оны тавдугаар сарын 13-нд албан ёсоор Хонг Конгийн Шатин Ротари Клубийн ивээл дор байгуулагдсан. Бид Монгол Улсад нийгмийн асар их өөрчлөлтийн үед мэндлэхдээ улс эх орныхоо гэрэлт ирээдүйг бүтээлцэхээр сэтгэл шулуудан нөхөрлөл, шударга эрх тэгш байдал, нийгэмд үйлчлэх, манлайлал зэрэг үнэт зүйлсийг эрхэмлэн дээдлэхээ сэтгэл зүрхэндээ амалсан юм. Манай Клубийн эхний арван жил нийгмийн үндсэн нэн чухал хэрэгцээ рүү чиглэсэн төслүүдээр эхэлж, ирэх олон арван жилийн үндсэн суурь тавигдаж байна.

2002-2003 оны Бүсийн захирагч асан, Улаанбаатар Ротари Клубийн 1997-1998, 2010-2011 оны Ерөнхийлөгч Ч. Ганболд : "Өөрөөсөө давж бусдад үйлчлэх" гэдэг нь бидний хувьд зүгээр нэг уриа үг биш, харин Клубийн маань амин сүнс гэж хэлж болно. 30 жилийн турш бид хэрэгжүүлж буй төсөл, гаргаж буй санаачлага, сайн сайхны төлөө хийсэн бүхий үйлдэлдээ энэхүү чанарыг агуулж байхыг хичээж ирсэн.

Анхдагч : Нийгэмд нөлөөллийн жишиг тогтоох

Бид анхнаасаа нийгэмд тулгамдсан хэрэгцээг тодорхойлж, түүнд чиглэсэн үр дүнтэй шийдлүүдийг гаргахыг хичээж уйгагүй ажилласан. Эдүгээ эргээд харахад бидний түүх Ротари үндсэн эрхэм зорилго, анхаарах долоон гол чиглэлд тулгуурлан Монголын нийгмийн хамгийн том сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн олон төслүүдээр дүүрэн.

Эхний арван жил – Амин анхдагч хэрэгцээ : Эхний арван жилд бид хүний хамгийн анхдагч хэрэгцээг хангахад шаардлагатай төслүүдэд анхаарлаа хандуулсан гэж дүгнэж болно.

Ротари чиглэл болох өвчнөөс сэргийлэх, эмчлэх : Улаанбаатар хотын зүрх судасны эмчилгээний салбарт бид маш том дэвшилт авчирсан. Эмнэлгийн зүрхний тасагт 8 ортой өрөө тохижуулахаас (1995-1996) эхлээд, 3-р эмнэлгийн зүрхний мэс заслын төвийн тоног төхөөрөмжийг сайжруулах зэрэг олон улсын дэмжлэг хамтралын дор төслүүдийг хэрэгжүүлж, олон хүний ​​амь нас, эрүүл мэндийн чанарт хувь нэмрээ оруулсан. Улаанбаатар Ротари Клуб нь өвчнөөс сэргийлэх, эмчлэх чиглэлээр 5 сая ам.долларын шууд санхүүжилттэй 50 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна.

Ротари чиглэл болох Ус, эрүүл ахуй Ариун цэвэр : Мөн нэгэн нийгмийн тулгамдсан асуудал нь цэвэр усны хангамж, хүртээмж гэдгийг бид олж харан, нэн хэрэгцээтэй дүүрэг, хороонд цэвэр усаар хангах худаг, ариун цэврийн байгууламж барих зэрэг төслүүдийг эхлүүлсэн. Ротари ус, эрүүл ахуй, ариун цэврийг сахих үндсэн чиглэлийн дор манай Клуб 20 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлж, нийт 530,000 ам. долларын дүн бүхий хувь нэмэр оруулсан байна.

Ротари чиглэл болох Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах : Бид мөн эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр байгуулагдсан цагаасаа ажиллаж эхэлсэн. Төрөл бүрийн сайн дурын талуудтай хамтран ажилласнаар бид ойролцоогоор 15 төслийг амжилттай хэрэгжүүлж, эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах Ротари чиглэлийн дор нийт 375,000 ам. долларыг шууд хандивласан байна.

Хоёр дахь арван жил – Ухамсар, боловсрол : Хоёр дахь арван жил бид боловсрол, ухамсарт хөгжил рүү чиглэн үйл ажиллагаа явуулсан.

  • Ротари чиглэл болох Боловсролыг дэмжих : Нийгэмд эерэг өөрчлөлт авч ирэхэд боловсрол нэн чухал гэдэгт бид итгэж ирсэн. Хоёр дахь арван жилд бид улсын 100 орчим сургуулиудад компьютерын лаборатори байгуулж, интернэтээр хангах төслөөс эхлэн, хөдөө орон нутгийн оюутнуудыг их, дээд сургуульд суралцахад нь туслах зорилгоор "Нүүдэлчдийн тэтгэлэг" хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ нь Ротари Ротари чиглэл болох боловсролыг дэмжих чиглэл дор багтах бөгөөд бид боловсролын чиглэлээр ойролцоогоор 630,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.
  • Ротари чиглэл болох Байгаль орчныг хамгаалах : Байгаль орчныг хамгаалахын ач холбогдлыг бид ухамсарлаж, байгалийн баялгаа хамгаалах төслүүдийг хэрэгжүүлсэн.  2000-аад оны эхэн үеэс эхлэн хэрэгжүүлсэн “Монголын ногоон байгалиа хадгалья” төсөл нь хамгийн том нөлөөтэй, урт хугацаанд үр дүнд хүрсэн олон хамтрагчтай төсөл болсон. Манай Клуб байгаль орчныг хамгаалах чиглэлд нийт 350,000 гаруй ам. долларыг шууд хандивлаж, нийгэмд манлайлж ирсэн.
  • Ротари чиглэл болох Энхтайвныг бэхжүүлэх: Ротари   гол чиглэл болох энх тайван, зөрчилдөөнийг шийдвэрлэх чиглэлээр манай Клуб соёлын солилцооны олон хөтөлбөр хэрэгжүүлээд зогсохгүй, гэр бүлийн эвлэрүүлэн зуучлах үйлчилгээний чадавхыг сайжруулах GG төслүүдийг хэрэгжүүлж, нийт 150,000 ам. долларын шууд хандиваар 20 орчим төслийг амжилттай хэрэгжүүлсэн.

3 дахь арван – Тэгш хүртээмж: 3 дахь арван жилийнхээ төслүүдийг эргэн харахад бид нийгмийн бүхий л давхарга дахь гишүүдийн ижил хөгжих боломжийг хангах, тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлох, тэгш байдлыг дэмжсэн төслүүдэд ихээхэн анхаарал хандуулсан байна.

  • Ротари чиглэл болох Ус, эрүүл ахуй, ариун цэврийг сахих : Өнгөрсөн хорь гаруй жилийн турш бид сургуулиудын ариун цэврийн байгууламжийг сайжруулахаар ажиллаж ирсэн байна. Энэхүү төсөл нь Ротари чиглэл болох ус, эрүүл ахуй, ариун цэврийг сахих чиглэл дор багтах ба бид 25 төсөл амжилттай хэрэгжүүлж, нийт 530,000 орчим ам. долларын дүн бүхий тусламж хүргэсэн байна.
  • Ротари чиглэл болох Өвчнөөс сэргийлэх, эмчлэх : Бид эрүүл мэндийн салбарт тасралтгүй төслүүд хэрэгжүүлсээр байгаа бөгөөд "Гепатитгүй Монгол" элэгний эрүүл мэндэд чиглэсэн томоохон төсөл хоёр үе шаттай хэрэгжүүлж Клубийн сүүлийн 10 жилийн нэрийн төслүүдийн нэг болжээ. Энэхүү төсөл нь Монгол Улсын алслагдсан хөдөө орон нутагт элэгний оношилгооны чухал үйлчилгээг үзүүлэх, хэрэгцээ өндөр, боломж хомс иргэдэд хүрч ажиллахад чиглэгддэг.
  • Хүртээмжтэй нийгэм цогцлох:  Бид харааны бэрхшээлтэй хүмүүс болон хүүхдүүдэд туслах төслүүдээс эхлэн илүү тэгш хүртээмжтэй нийгэм бий болгоход чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлж ирсэн.  Монголын Ротари   хөдөлгөөний дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй "Боложмийг бүгдэд" төсөл нь Ротари  -Грант бус бидний бахархал болсон төслүүдийн нэг юм. Манай Клуб хэрэгжүүлж буй бүхий л төсөлдөө нийгмийн бүхий л давхаргыг хамруулсан, тэгш байдал, оролцоог хангахад анхаарч ажилладаг хэдий ч тусгайлан энэхүү чиглэлээр 22 төслийг амжилттай хэрэгжүүлж, нийт 300,000 гаруй ам. долларын хувь нэмэр оруулсан байна.

 

Ротари чиглэл болох Бүс нутгийн хөгжил чиглэл дор 30 жилийн турш олон төсөл хэрэгжүүлсэн. Хөдөө орон нутаг дахь байгалийн гамшиг, зудын үед тусламж үзүүлэх төслөөс эхлээд мэргэжлийн боловсролын сургуулиудад тоног төхөөрөмж хандивлах, эмзэг бүлгийн өрх толгойлсон эхчүүдийн бизнесийг дэмжих зорилгоор үйлдвэрийн тоног төхөөрөмж хүргэх зэрэг Бүс нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр 20 орчим төсөл амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд Клуб нийтдээ 260 мянган ам. доллар үнийн дүн бүхий хандив оруулсан байна.

Манлайллын түүх : Улаанбаатар Ротари Клубийн манлайлал

Манай Клубийн амжилт нь бидний үе үеийн Ерөнхийлөгчид, удирдах зөвлөл, манлайлан оролцогч нарын хичээл зүтгэл, алсын хараатай салшгүй холбоотой. Ерөнхийлөгч бүр өөр өөрийн ур чадвар, хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн Клубийн өсөлт, амжилт, нийгэмдээ нөлөөллийг авч ирсэн үнэмлэхүй том хувь нэмэртэй. Улаанбаатар Клубийн анхны удирдагч Г.Бошигт Ерөнхийлөгчөөс эхлээд 30 жилийн ойн Ерөнхийлөгч Залаа-Уулын Солонго хүртэл, Ротари хөдөлгөөний үндсэн зарчимд сэтгэлээ зориулсан хүмүүс Клубийг удирдан чиглүүлж иржээ. Нийт Клубийн Ерөнхийлөгчдөөс 30 гаруй хувь нь Монгол дахь Ротари хөдөлгөөнийг удирдах үүрэг гүйцэтгэж, 3450 Дүүргийн Монголын Бүсийн Захирагч албанд нэр хүндтэйгээр зүтгэж ирсэн ахмад гишүүд байна.

1995-1996

Г.Бошигт

2005-2006

Э.Оюунгэрэл

2015-2016

Ч.Мэргэн

1996-1997

Д. Жаргалсайхан

2006-2007

Г. Намсрай

2016-2017

А. Мөнхжаргал

1997-1998

Ч. Ганболд

2007-2008

Барри Эванс

2017-2018

Н. Мягмаржаргал

1998-1999

Г. Сүхээ

2008-2009

Николи Борохов

2018-2019

Ц. Дэлгэрцоо

1999-2000

Р. Самдандовж

2009-2010

С. Манлай

2019-2020

А. Булган

2000-2001

Н. Зоригт

2010-2011

Ч. Ганболд

2020-2021

С. Энхтуяа

2001-2002

Л. Гомбо

2011-2012

Ж. Алтансувд

2021-2022

Б. Алтангэрэл

2002-2003

Н. Заанхүү

2012-2013

Ц.Ганзориг

2022-2023

А. Дашдулам

2003-2004

С. Жаргалсайхан

2013-2014

А. Оюунгэрэл

2023-2024

Ц.Билгүүн 

2004-2005

С. Бэхбат

2014-2015

С. Бэхбат

2024-2025

З. Солонго

 

Улаанбаатар Ротари Клубийн амжилт Ротари хөдөлгөөнийг илтгэдэг хамгийн чухал зарчим болох хамтын ажиллагаатай салшгүй холбоотой. Бид Хятад Тайвань, Хонконг, Макао, Сингапур, Япон Солонгос, Малайз, АНУ, Их Британи, Франц, Герман, Дани, Финлянд, Австрали, Шинэ Зеланд зэрэг дэлхийн өнцөг булан бүрд буй Ротари Клубууд, Ротари сан зэрэг байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, дотно нөхөрлөлийг бий болгосон. Эдгээр олон хамтрал түншлэлийн оролцоо, дэмжлэгээр нийгэмдээ эерэг өөрчлөлт авч ирэх боломж бүрддэг билээ. Тиймээс бид үеийн үед хамтарч ирсэн найз нөхөд, дэмжлэг туслалцаа үзүүлсэн хувь хүн, Клуб, төрийн болон төрийн бус байгууллагууддаа бүгдэд нь талархан баярлаж, бахархаж ирсэн.


ОНЦЛОХ ТӨСЛҮҮД

I "ГЕПАТИТГҮЙ МОНГОЛ" ТӨСӨЛ 2017 ОНОС ХОЙШ

Удиртгал: Монгол улсад вируст гепатит болон элэгний хатуурал зэрэг элэгний өвчнүүдийг хожуу оношлогдсоноос үүдэлтэй элэгний хорт хавдар өндөр байдаг. "ГЕПАТИТГҮЙ МОНГОЛ" төсөл нь 2017 оноос эхлэн хөдөөгийн иргэдийг вируст гепатит болон элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамруулах, цаашдын эмчилгээнд хамруулах чиглэлээр хэрэгждэг.

Энэхүү төслийг Улаанбаатар Ротари Клуб, Флагстафф RC болон Flagstaff International Relief Effort NGO хамтран хэрэгжүүлж байна.

Төслийн зорилго нь элэгний өвчтэй иргэдийг эрт илрүүлж, өвчний даамжралаас урьдчилан сэргийлэх, нас баралтыг бууруулахын зэрэгцээ төслийн шилдэг загварыг бий болгож, төслийн хамрах хүрээг нэмэгдүүлэхэд чиглэнэ.

Төсөв : 310 000 ам. доллар

Үр дүн: 2017-2024 онд уг төсөл нь Сүхбаатар, Дорнод аймгийн 13000 иргэнд гепатит В, С болон элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ хийж, тэднийг эмчилгээнд хамруулсан.

Дүгнэлт: "ГЕПАТИТГҮЙ МОНГОЛ" төсөл нь гепатит С-ийн халдварыг аймгийн түвшинд хязгаарлаж, устгах боломжтой гэдгийг харуулсан. Энэхүү загвар нь ДЭМБ-ын гепатитыг устгах бодлогод хувь нэмэр оруулж, 2030 он гэхэд вируст гепатитыг устгах дэлхий дахины зорилтыг дэмжиж байна. Төслийн загварыг Монгол улс болон бусад улс орнуудад өргөжүүлэх боломжтой.

ТӨСЛИЙН ХАМТРАГЧИД

  • Улаанбаатар Ротари Клуб, D3450
  • Флагстафф Ротари Клуб, D5500
  • D2650, Япон
  • Монгол, АНУ, Япон, Хонг Конг, Их Британи зэрэг 5 орны нийт 23 Ротари Клуб, 4 дүүрэг

Хамтран ажилладаг байгууллагууд

  • FIRE - Flagstaff International Relief Effort
  • Японы Сага Их Сургуулийн Элэгний төв
  • Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (NCCD)
  • Хавдар Судлалын Үндэсний Төв (NCC)
  • Монголын Анагаахын Үндэсний Их Сургууль
  • Монголын Гастроэнтерологийн холбоо
  • Аймгийн Эрүүл мэндийн газар

II БОЛОМЖИЙГ БҮГДЭД

Үр нөлөө: 1000 гаруй шууд үр шим хүртэгчид

Хэвлэлийн үр нөлөө: 1.8 сая гаруй шууд бус үр шим хүртэгчид хүрсэн

(уламжлалт болон нийгмийн сүлжээгээр)

I дүгээр үе шат Зүүн бүс: Дорнод, Сүхбаатар, Хэнтий

2022 онд Говийн бүс: Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймаг

II дугаар хэсэг Хангайн бүс: Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, 2024 онд Хөвсгөл

Төслийн хамтрагч нар: Тусгай Олимп Монгол, Мобиком Корпораци, Тэнгэр ТВ, Голомт банк, оролцогч аймгийн ЗДТГ нар

"Боломжийг бүгдэд" төсөл нь Ротари чиглэл болох “Энхтайвныг бэхжүүлэх” чиглэл дор, илүү тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлоох бодит хувь нэмэр оруулах ерөнхий зорилго бүхий мэдлэг мэдээллийг орон нутагт хүргэж, чадавхыг бэхжүүлэн, нөлөөлөл хийж буй төсөл юм. Оюуны хөгжлийн онцлогтой хүүхэд болон хүмүүсийг нийгэмд таниулах, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, идэвхтэй оролцоог хангах замаар бид Монгол даяар илүү хүнлэг, тэгш хүртээмжтэй нийгэм бүтээхэд чиглэснээрээ онцлог юм.

Төслийн үйл ажиллагаа нь орон нутагт чадавхыг бэхжүүлэх иж бүрэн сургалт, хүртээмжтэй хамтарсан спорт арга хэмжээ зохион байгуулахаас гадна оролцогчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулан, бүс нутагт оролцогч талуудын оролцоог дэмжин, оюуны ялгаатай хөгжилтэй хүмүүсийн тухай мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхээс бүрдэнэ. Төслийн үр дүнд үйл ажиллагаанд оролцсон хүн бүр ойлголт мэдлэгээ өргөжүүлж, итгэл найдвар олж авч, оюуны хөгжлийн онцлогтой хүмүүсийн амьдралын бодит байдал, олон нийтийн зүгээс тэдэнд тулгардаг бэрхшээлүүдийг ойлгон суралцаж, эцэст нь нийгэмдээ утга учиртай, эерэг өөрчлөлтийг авчрах чадвартай нийгмийн оройлогчид болж байгаа билээ.


III. АГАА ЭГЭЭ ТӨСӨЛ

Үр нөлөө: 100 гаруй шууд үр шим хүртэгчид

Хамтрагч байгууллага: Өнөр үл асрамжийн газар

Улаанбаатар Ротари   Клубийн хэрэгжүүлдэг “Агаа Эгээ" хөтөлбөр нь  асрамжийн газрын өсвөр насны хүүхдүүдийг бие даасан амьдралд бэлтгэхэд чиглэсэн чухал санаачилга юм. Өсвөр насны хөгжилд зайлшгүй хэрэгтэй сайн үлгэр дуурайл, сэтгэл зүйн дэмжлэг, бие даан амьдрахад шаардлагатай холбоо харилцааг үүсгэхэд хөтөлбөрт сайн дураараа оролцдог Ротаракт залуус чухал үүрэг гүйцэтгэдэг. Одоогоор хөтөлбөрт 60 гаруй залуус ментороор ажиллаж хүүхдүүдийн амьдралд эерэг өөрчлөлт хийхэд туслаад байна.

Хөтөлбөр хүн хоорондын итгэлцэл, эерэг харилцаа, аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаалах, мэргэжил сонгох талаар сургалт, арга хэмжээг зохион байгуулдаг. "Агаа Эгээ" хөтөлбөр нь  нийгмийн хамтын оролцоог чухалчилдаг бөгөөд хүүхдийн аюулгүй, аз жаргалтай өсөлт хөгжилд хувь нэмэр оруулж байна.


IV. АРИУН ЦЭВРИЙН ТӨСӨЛ

Нийт төсөв : 250,000 ам. доллар

Үр нөлөө : 25,000 гаруй сурагч, багш нар шууд үр шим хүртэгчид

Хорь гаруй жилийн турш Улаанбаатар Ротари Клуб нь ариун цэврийн төслөөрөө дамжуулан сургуулийн орчныг сайжруулснаар сурагч, багш нарын амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэн ажилласан байна. 2003 оноос эхлэн алслагдсан дүүрэг, орон нутгийн сургуулиудад анхан шатны ариун цэврийн хэрэгцээг хангаж боловсон байгууламжтай болгоход зорин ажиллаж, гараа угаах урсдаг усгүй, -40 хэмийн хүйтэнд гадаа модон жорлонд орох байдлыг өөрчилж ирсэн.

Бид энэхүү нэрийн төслөөрөө тухайн сургуулийн орчинд буй ариун цэврийн хэрэгслийг сайжруулж эсвэл бий болгож, дулаан газар, боловсон жорлон болон урсдаг ус хүргэх байгууламж хандивладаг юм. Шинэ, ариун цэврийг сахих боломжтой орчин нь бактерийн гаралтай халдварт өвчний тархалтыг сургуулийн орчинд эрх бууруулж, өвчлөлөөс үүдсэн хичээл таслалтыг багасгаж, сурах орчныг сайжруулдаг онцлогтой. Бид нийтдээ 25 гаруй сургуулиудад ариун цэврийн төсөл амжилттай хэрэгжүүлсэн ба ингэснээр 25,000 гаруй сурагч багш нарт шууд хүртээмж өгсөн байна. Бид энэхүү нэрийн болсон төсөлөө өнөөг хүртэл бахархалтайгаар хэрэгжүүлсээр байгаа ба хүүхдийн сурах, хөгжих орчныг сайжруулсандаа үргэлжид баяртай байдаг.

ДҮГНЭЛТ

Мөнхөд үлдэх түүх : Нийгэмдээ цаашлаад улс эх орныхоо хөгжилд манлайлал үзүүлж, олон хүний амьдралд эерэг өөрчлөлтийг бий болгосон явдал.

Клубийн түүх гэдэг нь хэрэгжүүлсэн төслүүдээр хязгаарлагдахгүй, тэрнээс хол давсан нөлөөг үзүүлж, ул мөрөө үлдээн түүх болон тамгалагддаг байна. Монгол дахь Ротари хөдөлгөөнд оруулсан бидний хамгийн том нөлөө, бахархаж буй хувь нэмрийг дүгнэвэл:

  • Сайн дурын ажлыг түгээн дэлгэрүүлэх : “Өөрөөсөө давж бусдад үйлчлэх” гэсэн сэтгэлгээг өөртөө шингээснээр бид тоо томшгүй олон хүнийг сайн дурын ажил хийж, нийгэмдээ хувь нэмрээ оруулах боломжтой харуулж, сайн дурын ажлыг түгээн дэлгэрүүлсэн.
  • Олон улсын хамтралыг хөгжүүлэх:  Бид олон улсын Ротари  Клубүүдтай танилцаж, нөхөрлөж, хамтран ажилласнаар Монгол Улс болон бусад улс орнуудын хоорондын харилцаа холбоог бэхжүүлж, энх тайван, харилцан ойлголцлыг дэмжсэн.
  • Нийгэмд эерэг өөрчлөлтийг хөдөлгөх нь:  Нийгмийн гол асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч ажилласнаар Монголын нийгэмд олон талын эерэг өөрчлөлт авчирч, эмзэг бүлгийн иргэдийн амьдралыг сайжруулж, улс орны хөгжилд хувь нэмрээ орууллаа.

Бид 30 жилийн ойн баяраа тэмдэглэж буй энэ үедээ хийж бүтээсэн бүхнээрээ бахархаж, ирээдүйдээ улам итгэл төгс зүтгэсээр байна. Бид Ротари хөдөлгөөний үндсэн чиглэл, алсын хараа дор Монголын нийгэм шударга, тэгш хүртээмжтэй сайн сайхан болно гэдэгт итгээд зогсохгүй дэлхий дахинаа энх тайван  цэцэглэн хөгжих нийгмийн төлөө бид тууштай ажиллах болно.  Бидний түүх бол хүний ​​энэрэн нигүүлсэхүйн сэтгэл, хамтын зүтгэлийн хүч чадал нийгэмдээ хэрхэн эерэг өөрчлөлтийг авч ирдгийн гэрчлэл юм. Ротари хөдөлгөөний түүх бидэнд илүү сайн сайхан нийгмийг бүтээж хойч үедээ үлдээх итгэл найдвар, урам зориг өгсөн түүх юм.


  • Холбоо барих :
  • И-мэйл хаяг :
  • Вэбсайт/ FB хуудасны хаяг : Rotary Club of Ulaanbaatar
  • https://www.facebook.com/RotaryClubUB 
  • Утасны дугаар : 99059960

Галерей