ХҮРЭЭ РОТАРИ КЛУБ

ХҮРЭЭ РОТАРИ КЛУБ

Үнийн санал авах

Дэлгэрэнгүй тайлбар

ХҮРЭЭ РОТАРИ КЛУБ 

2002 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Хүрээ Ротари Клуб маань Монгол Улсын хоёр дахь, Олон улсын Ротари 3450 дугаар дүүргийн 50 дахь Клуб болон үүсэн байгуулагдсан. Түүнээс хойш бид 23 жилийг ардаа үдэж, хүмүүнлэгийн үйлсэд нэгэн зорилготой сэтгэлт нөхдийн нэгдэл болон тасралтгүй хөгжсөөр байна. Энэ хугацаанд бид Сэлбэ, Сэлэнгэ хэмээх хоёр охин Клуб, Хүрээ болон Анагаахын хоёр Ротаракт Клуб, мөн Шинэ Монгол ба Хүрээ Косэн нэртэй хоёр Интеракт Клубийг байгуулан, Монголын анхны RCC буюу Ротари Дэмжигчдийн Клуб амжилттай төрүүлсэн нь бидний бахархал юм.

Манай Клубийн гишүүдийн дийлэнх нь Пол Харрис тэмдэгтийн болзлыг хангаж, Монголын анхны Major Donor-чуудыг манай Клубаас төрүүлсэн нь онцлох түүхийн нэг юм. Өдгөө нийт 9 “Major Donor” гишүүнтэй болж, энэ жил дахин 3 шинэ донор нэмэгдэж буй нь бидний нийт гишүүдийн хичээл зүтгэлийн үр дүн билээ.

Өнгөрсөн 23 жилийн хугацаанд Хүрээ Клубийн Ротари гишүүд нийт 5.3 сая ам.долларын өртөг бүхий 75 гаруй томоохон төслийг Өвчнөөс сэргийлэх, эмчлэх, Боловсролыг дэмжих, Энхтайвныг бэхжүүлэх, Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, Ус, эрүүл мэнд, ариун цэвэрийг сахих, Байгал орчныг хамгаалах, болон Бүс нутгийн чиглэлээр хэрэгжүүлж, Монгол орны өнцөг булан бүрд хүрч ажилласан.

Энэ бүхнийг бид БНСУ, Япон, Польшийн Ротари Клубүүд болон Олон улсын Ротари сантай нягт хамтран, харилцан итгэлцэл дээр тулгуурлан хэрэгжүүлсээр ирсэн. 2024-2025 оны Ротари жилийн байдлаар Хүрээ Клуб маань 37 үндсэн гишүүнтэй, төрөл бүрийн салбарын туршлагатай ахмадууд болон эрч хүчтэй залуу үеийн төлөөллийг эгнээндээ нэгтгэн, олон улсын төвшинд үйл ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлж байна.

Үе үеийн Ерөнхийлөгчид болон нийт гишүүдийн нөр их хөдөлмөр, чин сэтгэлийн ачаар Хүрээ Ротари Клуб маань Монголдоо төдийгүй дэлхийн Ротари Клубуудтай хамтын нийгэмлэг дунд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй Клуб болон төлөвшсөнд бид туйлын их бахархаж байна.

“Өөрөөсөө давж, бусдад тусал” хэмээх бидний туйлын зорилгын дор нэгдсэн нийт Ротари нөхдөдөө Монгол Улсад Ротари хөдөлгөөн үүссэний 30 жилийн ойн халуун мэндийг өргөн дэвшүүлье!


Онцлох төслүүд

АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ АЯН – TEST FOR LIFE

Эмэгтэйчүүдийг умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх энэхүү төсөл нь 2004-2014 оны хооронд 10 жилийн хугацаанд амжилттай хэрэгжин, Монгол Улсын бүх аймаг нутагт хүрсэн бөгөөд 30-аад мянган эмэгтэйчүүдэд үзлэг хийж, олон эмэгтэйчүүдийн хавдрын явцыг эрт үед нь илрүүлж эмчилгээ хийсэн.

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ-CARE FOR CHILD

2008 оноос хойш өнөөг хүртэл хэрэгжиж байгаа бөгөөд олон эмнэлэг, байгууллагад нийт 43.000 ам.долларын өртөг бүхий амьсгалын аппаратууд гардуулсан. 2014-2022 онд ЭХЭМҮТ-ийн чих хамар хоолойн мэс заслын тасагт 5 удаагийн Глобал Грант төслөөр нийт 351,400 ам долларын үнэ бүхий Монголд байхгүй 6 төрлийн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн. Үүнд мэс заслын ор, дуран, өрөмдлөгийн машин зэрэг багтсан.

УХААЛАГ ГАР УТАС - АРЬСНЫ ӨВЧНИЙ ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭ

2014 оноос хэрэгжиж эхэлсэн 4 үе шаттай Глобал Грант төсөл. DERMA аппликэйшн, 4G сүлжээ ашиглан 19 аймгийн 326 сумын иргэд зайнаас арьсны оношилгоо, эмчилгээ авах боломжтой болсон. 5200 хүн энэ үйлчилгээг авч, 1 тэрбум төгрөгийн зардал хэмнэсэн.

БӨӨР, ШЭЭСНИЙ ЗАМЫН ЧУЛУУ БУТЛАХ ЛАЗЕРЫН ЭМЧИЛГЭЭ

2019-2023 онд нийт хоёр төслөөр Улсын 1-р төв эмнэлгийн Урологи, Андрологийн төвд лазер эмчилгээний технологийг нэвтрүүлж, нийт 302,454 ам.долларын төсөвтэйгөөр оношилгоо, эмчилгээний үр дүнг сайжруулсан.


Байгуулагдсан огноо: 2002.02.28

Гишүүдийн тоо: 37

Үүсгэн байгуулсан Клубууд:

  • Сэлбэ Ротари Клуб
  • Сэлэнгэ Ротари Клуб
  • Хүрээ Ротаракт Клуб
  • Анагаах Ротаракт Клуб
  • Шинэ Монгол Интеракт Клуб
  • Хүрээ-Косэн Интеракт Клуб
  • Хүрээ RCC Клуб

Хэрэгжүүлсэн төслүүд:

Чиглэл Төслийн тоо Нийт төсөв (USD)
Өвчнөөс сэргийлэх, эмчлэх 16 1,800,000
Боловсролыг дэмжих 20 445,000
Энхтайвныг бэхжүүлэх 4 60,000
Эх хүүхдийн эрүүл мэнд 21 2,100,000
Ус, ариун цэвэр, эрүүл ахуй 5 200,000
Байгаль орчныг хамгаалах 4 350,000
Бүс нутгийн хөгжил 1 30,000
Солонгост хэрэгжүүлсэн төсөл 2 70,000
Нийт 73 5,060,000

Ротари Санд өгсөн хандивын нийт хэмжээ: 292,748 ам.доллар

Клубийн онцлог: Монгол хэл дээр үйл ажиллагаа явуулдаг анхны Клуб. Солонгос улсын 1 гишүүнтэй. 100% Paul Harris Клуб. 9 Major Donor гишүүнтэй.

Клубийн хурал: Пүрэв гариг бүр

Холбоо барих:

  • И-мэйл: [email protected]
  • Вэбсайт: www.rotarykhuree.mn
  • FB хуудас: Rotary Club of Khuree. Ulaanbaatar Mongolia

Галерей