“ХҮСЛИЙГ БИЕЛҮҮЛЭГЧ – ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”

“ХҮСЛИЙГ БИЕЛҮҮЛЭГЧ – ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”

УншсанRead 15
ТүгээхShare공유하기

”РОТАРИЙГ БҮТЭЭСЭН ТҮҮХҮҮД” НИЙТЛЭЛ БИЧЛЭГИЙН УЛСЫН УРАЛДААНД...

Би багадаа “Хүслийг биелүүлэгч чандмань эрдэнэ” гэдэг үлгэр өгүүллэг уншиж байснаа маш тод санаж байна. Учир нь тэр үлгэрт ядарч зовсон ард түмний хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр явсан эгэл ардын зоригт хүү  хүслийг биелүүлэгч “Чандмань уул”-ыг олж  ард түмнийхээ мөнхийн хүслийг биелүүлж  ,айх аюулгүй, өвчин зовлонгүй сэтгэл тэнүүн амьдруулсан тухай гардаг юм. Энэ үлгэр өгүүллэгийг би бараг бага ангидаа уншиж байсан хэдий ч одоо ч сэтгэлээс гардаггүй нь миний хүсэл мөрөөдөлтэй адил байсан болоод тэр юм уу гэж  хааяа бодогддог. Би Ротаричуудыг 30 жилийн түүхийн шангаа анх татаж байсан үеэс нь мэддэг, ажил үйлс, зорилго хүслээрээ нэг байснаа өмнө нь бичиж байсан нийтлэлдээ дурьдсан билээ.

Тиймээс  Монголд  үйл ажиллагаагаа эхлээд Ротари болон Ротаракт, Интеракт клубүүдээрээ дамжуулан шашин улс төрөөс ангид нийгмийн сайн сайхан,хүн зоны  амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн олон сайхан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа Ротаричуудтай ойрхон байдгийн хувьд 30 жилдээ зориулан зарласан нийтлэлийн уралдаанд нь оролцохгүй байхын аргагүй билээ. Тэдний тухай бичихээр үзэг цаас нийлүүлэхүйд багадаа уншиж байсан хүсэл биелүүлэгч Чандмань эрдэнэ уулын тухай зохиол санаанд орсон нь учиртай мэт санагдана.

Би 34 жилийг  боловсролын байгууллагад Монгол улсынхаа ирээдүйн иргэдийг сургаж, төлөвшүүлэн хүмүүжүүлэх бас багшлах, нийгмийн ажилтанаар ажиллахад зориулжээ. Энэ хугацаанд   хийж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд, хүмүүнлэгийн ажлуудыг нь нүдээрээ харж, заримдаа өөрөө болон багш сурагчидтайгаа үйл ажиллагаанд нь оролцож явсан удаа цөөнгүй. Ялангуяа “Зуунмод Ротари” клубийн Төв аймгийн хүүхэд багачуудын төлөө хийсэн зүйлс үнэлж баршгүй юм. 2020 оноос хойших “Зуунмод Ротаричуудын” хийсэн бүтээсэн миний мэдэх зүйлүүдийг энд ямар ч гоёл чимэггүй яг л байгаар нь бичихийг хүслээ. 

“Хүмүүн цогцолбор “ ахлах сургуулийн номын санд номын баяжилт хийж, орчинг нь ая тухтай байлгахад хэрэгтэй компьютер, ширээ сандал, тоног төхөөрөмж өгч тохилог сайхан болгож өгсөн төдийгүй бага сургуулийн  ариун цэврийн байгууламжийг 100 гаран сая  төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүрэн шинэчилж өгсөнд үнэхээр талархсан.  Нийгмийн ажилтнаар ажиллаж байх үед сургуулийн маань насжилт өндөр, сантехник болон бусад зүйлс нь өдрөөс өдөрт орчин үеийн сурагч хүүхдүүдийн шаардлагыг хангахгүй , ялангуяа хүүхдийн хамгийн цэвэр байх ёстой ариун цэврийн байгууламж нь муудсанаас ус алдах, муухай үнэртэх, бүрэн хэмжээгээр ажиллахгүй байх гээд байнга л сурагчид ,иргэд,эцэг эхээс гомдол ирдэг байсан. Сургуулийн удирдлага,багш сурагчид маань өөрсдийн саналаа тусган олон газар ханддаг ч бидэнд өгөөмөр сэтгэлээр хандан хүслийг биелүүлэгч нь “ Зуунмод Ротаричууд “ л байсан юм. 

Нийгмийн ажилтан хүний тулах багана бол тухайн сургуулийн сурагчдын зөвлөл ,түүний удирдагч сурагчид байдаг билээ. Миний хамгийн отгон сурагчдын зөвлөлийн дарга Н.Номин гэж тал бүрийн чадвартай манлайлагч сурагч минь төгсөөд энэ жил оюутан болж МУИС-д амжилттай суралцаж байгаа. Номин маань эмэгтэй сурагчид тэр бүр зориглон ордоггүй нисэх загварын спортод дурлан  Төв аймгийн Нисэх загварын клубын багш Ж.Баярбатын удирдлагаар жолоодлогот  уран нислэгийн F2B төрлөөр Польш улсад болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын анхны эмэгтэй тамирчин болж оролцон мөнгөн медаль хүртэн нисэх загварын спортын түүхэнд өөрийн гэсэн ул мөрөө үлдээсэн юм. Тэр 2024 онд АНУ-ын Индиана хотод болсон нисэх загварын спортын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дахин оролцож  2 дахь мөнгөн медалиа хүртсэн хосгүй чадварлаг сурагч.Нисэх загварын спорт өөрөө маш их зардал мөнгө шаарддаг спорт. Түүнд минь онгоц,  шаардлагатай хэрэгсэл материал, ирэх очих зардал зэрэг нь   сурагч хүнд ахадсан их төсөв хэрэгтэй болсон. Хүүхдийн авьяас чадварыг дэмжин олон байгууллага хувь хүмүүс, хамт олон нь тусалж байсныг дурдахад таатай. Гэхдээ 2 дэлхийн аваргад хоёуланд нь санхүүгийн бодитой дэмжлэг үзүүлсэн Ротаричууддаа одоо ч шавийнхаа өмнөөс баярлаж явдаг. Номин маань нийгмийн идэвхтэй байнга л юмыг санаж сэдэж, нийгэмд тустай аливаа ажилд оролцож явах дуртай болохоороо Зуунмод Ротаригийн дэргэд байгуулагдсан өсвөрийн Интеракт клубийн үүсгэн байгуулагч болсонд  багшийнх нь хувьд тун талархаж суудаг. 

Улс оронд маань ковид хэмээх аюулт өвчний шуурга дэгдсэн хүнд хэцүү цагт Ротаричууд сургууль,цэцэрлэг,эмнэлгүүдэд гар ариутгагч,амны хаалт,дархлаа дэмжих бүтээгдэхүүн халуун хэмжигч гээд хамгийн хэрэгтэй зүйлсүүдийг хандивлан хүмүүнлэгийн тусламжаа илгээсээр ирснийг бид мартах учиргүй. Аймгийн нэгдсэн эмнэлэгт ч гэсэн хэрэгтэй аппарат тоног төхөөрөмжийг бэлэглэн олон хүнийг үхлийн аюулаас аврахад тусалж байсныг би харж бас сонсож байлаа. 

Манай Зуунмод сумын  Баруун Зуунмод буюу 6-р баг гэр хорооллоос бүрдсэн ундны цэвэр ус зайлшгүй хэрэгтэй , худгаас хол айл өрхүүд ихтэй баг билээ. 2024 онд “Зуунмод Ротари” –чууд  тэдэнд нэгэн гоё төслөөр бэлэг барьсан нь худгаас хол айл өрхүүдэд шинээр шаардлага хангасан ундны усны цахим худгийг барьж байгуулах төсөл байсан. Энэ тухай сониноос уншаад үнэхээр их баярлаж билээ. Ундны ус цэвэр аюулгүй ,сайхан орчинтай байж гэмээнэ хүн ард маань эрүүл орших үндэс бүрдэнэ . Энэ төсөл маш амжилттай хурдан хугацаанд чанартай гүйцэтгэлтэй хэрэгжсэн нь 6-р багийн олон иргэдийг баярлуулсан даа. Зөвхөн 6-р багаар зогсохгүй сайн үйлийг дэмждэг бүхий л хүмүүс баярласан гэдэгт эргэлзэхгүй байна.

Нийгмийн ажилтан хүнд сурагчид багш нарынхаа нийгмийн баталгааг хангах , тэдний санал хүсэлтийг  шийдвэр гаргах түвшнийхэнд хүргэх,эрсдэлээс хамгаалах гээд нийгмийн салбарын бүхий л  байгууллага,хувь хүмүүс, төрийн бус байгууллагууд,төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллах шаардлага гардаг. Энэ бүгдийн тэргүүн эгнээнд хамтран ажилладаг хамгийн найдвартай баг хамт олон бол миний хувьд Ротаричууд юм даа.  Өнөөдөр би Зуунмодныхоо Ротаричуудаар бахархаж тэдний тухай бичиж байгаадаа баяртай байна. Нийгмийн ажилтан болсноосоо хойш тэдэнтэй бүр илүү ойрхон байсан. Хэд хэдэн багш, сурагчийн маань  хагалгааны зардлыг хариуцан гадаадад эмчлүүлж эрүүлжихэд  тусалж гэр бүл төрөл төрөгсдөд нь итгэлийн гэрэл асааж байсныг өмнө нь би бичиж л байсан . Хүний амьдрал өөрөө тасралтгүй үргэлжилдэг. Энэ хугацаанд жаргалтай ч үе байна. Зовлонтой ч үе байна. Хэн нэгний тусламж хэрэгтэй, бүр уйлаад гуймаар ,амьдрах итгэлгүй болж гутарсан дээшээ тэнгэр хол,доошоо газар хатуу үе ч ирнэ. Амьдралынхаа хамгийн жаргалтай мөчийг хэн нэгэнтэй хуваалцмаар, хашгирч гүймээр баярлан дэвхэцмээр үе ч байна. Хэн нэгний эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн байгууллага хамт олны, ирээдүйн гэрэл гэгээ болсон хүүхдүүдийн,настан буурлуудын,тусламж хэрэгтэй хэн нэгний цагаа олсон  бодит үр дүнгийн  дэргэд Ротаричууд л “Хүслийг бичлүүлэгч – Чандмань” уул мэт сүндэрлэн гарч ирдэг.  Яг л миний багадаа уншсан үлгэрийн баатар зоригт хүүгийн өмнө гарч ирсэн уул шиг хэн хүний хүслийг биелүүлээд хариу нэхэлгүй ,гавьяагаараа сайрхалгүй эгэл даруухан байж чаддаг .Та нар бол тэнгэрээс бидэнд илгээгдсэн “Чандмань эрдэнэ” билээ. Хүн амьтан, ургамал мод ер байгаль дэлхийд байгаа амьтай бүхэн усгүйгээр амьдарч чаддаггүйтэй адил нийгэмд хэрэгтэй тэр цаг үед,тэр газарт ус агаар мэт хүн бүрт хүрч чаддаг та нарын үйлсийг би ийнхүү устай, эрдэнэтэй зүйрлэюу. 

Монголд үйл ажиллагаагаа явуулаад 30 жил хэдийнээ болжээ. Ротаричууд маань энэ цаг хугацаанд улам л хүрээгээ тэлсээр орон нутагт олон олон Ротаракт ,Интеракт клубүүдээрээ дамжуулан нийгэмд хувь нэмрээ оруулан эерэгээр нөлөөлсөөр байна. Тэртээд харагдах хүслийн Чандмань уулыг дэргэд минь авчирсан Монголын мянга мянган Ротаричууддаа түүхт 30 жилийн мэндийг хүргэж хийсэн ажлынх нь мөр нь цагаан ,түмэнд хүрэх зам нь шулуун байж итгэлийн гэрлийг түгээсээр байхын ерөөл өргөе. Миний мэдэх Ротаричууд ийм л хүмүүс. Тэд зорьсноо заавал биелүүлдэг.Хэдхэн жишээ тэдний бүхий л үйл ажиллагааг бүрэн илэрхийлж чадахгүй ч энэ зөвхөн Зуунмод суманд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд, хүмүүнлэгийн ажлын  энгийн л цөөхөн жишээ. Сайн үйлс дэлгэртүгэй.


НИЙТЛЭЛИЙН УРАЛДААНД ОРОЛЦОГЧ:

Төв аймгийн Зуунмод сумын  ахмад багш Пүрвээгийн Ариунаа

  • Харилцах утас 96007739
  • ЦАХИМ ХАЯГ – Ariunaa0Purvee @ gmail.com
  • 2025.03.26