Хэрэгжүүлэгч: Хүрээ Ротари болон УБ Сентрал Ротари Клуб
Амьдралын төлөө аян төсөл нь эрүүл мэндийн салбарт урт хугацаанд тасралтгүй хэрэгжүүлсэн, өндөр үр дүнтэй төслүүдийн нэг юм.
Тасралтгүй 13 жил буюу 2005-2018 онд үргэлжилсэн, эмэгтэйчүүдийн хавдрыг эрт илрүүлэх зорилготой энэхүү төслийн үр шимийг 21 аймгийн 330 сумын 30 мянга гаруй эх, эмэгтэйчүүд, тэдний гэр бүл бодитоор хүртжээ. ДЭМБ-ын судалгаагаар эмэгтэйчүүдийн хавдрын өвчлөлийн хоёрдугаарт умайн хүзүүн хорт хавдар ордог.
Төсөл хэрэгжүүлж эхлэх тухайн үед манай улсад умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх ямар нэгэн тодорхой хөтөлбөр байгаагүй. Анх явуулын эмнэлгийн хэлбэрээр эхэлсэн төсөл 10 гаруй жилийн хугацаанд үргэлжилж, хөдөө, алслагдсан хязгаар нутагт тасралтгүйгээр тусламж, үйлчилгээ үзүүлж ирсэн байна. Энэ ажлын нэг том үр дүн нь умайн хүзүүн хорт хавдрыг эрт үед илрүүлж чадвал эмчлэх боломжтойг харуулсан чадсан нь онцлог юм.
Ямартай ч “Амьдралын төлөө аян” эрүүл мэндийн төсөл нь Монгол улсад энэ төрлийн төслийн суурийг нь тавиад, жишиг тогтоолоо гэсэн үнэлгээтэй ОУР-д үнэлэгдэж “Sevice above self” шагналаар шагнасан байдаг.
Монгол улсын Эрүүл Мэндийн Яам энэ төрлийн хавдраас урьчилан сэргийлэх зорилгоор өсвөр насанд нь вакцинжуулах ажлыг 2012 онд орон даяар эхлүүлж байсан явдал нь 13 жилийн турш үргэлжилсэн Ротаричуудын төслийн үр нөлөө байдаг гэдэгт эргэлздэггүй.
2018-2020 онуудад ДЭМБ-аас умайн хүзүүний хорт хавдрыг устгах ажлыг түргэсгэх дэлхийн стратегийг танилцуулж олон орны засгийн газрууд хөтөлбөр, үйл ажиллагаагаа эхлээд мега төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн байна.