Хэрэгжүүлэгч: Хүрээ Ротари Клуб
2019-2020 онд Улсын 1-р төв эмнэлгийн “Урологи, андрологийн төв”-тэй хамтран бөөр, шээсний замд үүссэн чулууг бутлах лазерийн эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлсэн. Жилд 2000 гаруй өвчтөнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлж, 1800 мэс засал, түүний дотор 1000 дурангийн мэс засал хийдэг тус эмнэлгийн хувьд уламжлалт технологиор мэс засал хийх нь ихээхэн хүндрэлтэй байсан ба 227,654 ам.долларын төсөв бүхий энэхүү төслийг хэрэгжүүлснээр, мэс заслыг өндөр хөгжилтэй орнуудын жишигт нийцүүлэн, өвчтөнийг гадаадад эмчлүүлэх шаардлагагүй болгож, хүлээлгийн жагсаалт, хүндрэл, эмнэлэгт хэвтэх хугацааг багасгаж, тусламж үйлчилгээний ерөнхий чанарыг сайжруулсан үр дүнтэй болсон.
2023 онд энэхүү төслийн хамрах хүрээг өргөжүүлэн, өмнө өгсөн багаж тоног төхөөрөмжийн ашиглалтын хүрээг тэлж, түрүү булчирхайн хагалгааг лазерийн технологи ашиглан хийх, оношлогоог сайжруулах боломжоор хангах зоригоор нийт 74,800 ам долларын төслийг хэрэгжүүлсэн. Дээрх 2 төслийг хэрэгжүүлснээр, бөөр, урологийн бүх төрлийн мэс заслыг гадаад улсад явж эмчлүүлэх шаардлагагүй болсон бөгөөд дэлхийн жишигт нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг даатгалаар, дотооддоо авах боломжтой болсон юм.
Тус эмнэлэгт жилд дунджаар 3000 орчим хүн хэвтэж эмчлүүлдгийн 25 хувь нь буюу 4 хүн тутмын нэг нь бөөр, шээсний зам, давсагны чулуутай гэж оношлогддог байна.
Монголдоо энэ чиглэлийн тусламж үзүүлдэг, хамгийн том төв эмнэлэгтээ ойролцоогоор тэрбум орчмын үнэтэй лазер аппаратыг улсын төсвөөр авахуулах хүсэлтээ ЭМЯ-нд тасралтгүй найман жил өгсөн ч нааштай хариу сонсоогүй байсаар Хүрээ Ротари клубын ОУ-ын төслийн үр шимээр ийнхүү 2020 онд иж аппараттай болж өнөөдрийн байдлаар 2000 гаруй хүнийг эрүүл саруул болгож, амьдралын чанарыг нь дээшлүүлээд байна.